Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ.
Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”.
Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана.