Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газрын 371-р тогтоолоор баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж “Хэрэглэгчийн боловсрол төв” байгуулав.
Тус төвийнхөө нээлтийг хийсэн нь олон түмэндээ хүрсэн сайхан ажлын эхлэл боллоо.
“Хэрэглэгчийн боловсрол төв”-ийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нээсэн бөгөөд “Энэхүү танхимыг нээснээр хэрэглэгчээ дээдлэн, хэрэглэгчдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулах төдийгүй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдийг нээлттэй харилцах боломжийг бүрдүүлж өгч байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Мөн тус боловсролын төв нь 12-84 утсыг энгийн утасны ярианы тарифаар ажлын цагаар ажиллуулснаар зах зээлд чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдийн мэдээ мэдээллийг авах болсон бөгөөд ингэснээр нийгэмд хэрэглэгчээ дээдлэх, шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байна.