Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ.
Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг. “Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа” гэж амжилтын оройд цойлсон эрхэмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий.
Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.