.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Н.Багабанди: Үгний алдаанаас үргэлж хол яв
2009:09:21 21:54:39

Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой бүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.

Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. “Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ёсгүй” гэж дорнын сударт бичжээ. “Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй” гэж өөр нэг номонд өгүүлжээ. Худлыг үнэн гүйцдэг жамтай. “Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг”. Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадахаа ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан яривал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Үнэн үүдэнд, худал хойморт залрах цөвүүн цагт худалч оодрон, хууль завхарна. Энгийн цагаан худалчийн үг инээд тохуунаас хэтрэхгүй. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Өөрт нь буй хамгийн нандин өр зүрхний итгэлийг үгээр илбэдэн авч, үйлээр хариулалгүй мартаж, хөсөр хаян орхих нь адгаас адаг хорлол. “Үнэнийг хэдий чинээ хааж нууна, утгагүй худал үгийг төдий чинээ амилуулна гэсэн үгээ”. Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Ганцхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугарч байх нь таны үүрэг.

Ховчийн үгийг бүү сонс. Сонслоо ч нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачих. Ховчийн үгийг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч хэрэггүй. Ховтой газар хэрүүл буглана. Хов жив уруул шүд мэт ойр дотно байсан хүмүүсийг ч уралцуулан эвдрэлцүүлнэ. Хоорондоо зай барьж, завсар үүссэн хүмүүсийн дунд мөсөн хана босгон, хөргөн холдуулна. Зусар бялдуучдын үндсэн ажил нь хов зөөх. Ховч, ховоор хоол хийгч хоёул таарсан таар шуудайнууд. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг тэд бие биенгүйгээр байж суухын аргагүй. Ховч бялдуучид чадвар муутай учир хоолоо олж идэх, амьдрах арга нь хов зөөж зулгуйдах, тал алдалгүй гүйх. Ховч нар зусардаж байгаа хүнийхээ таалалд нийцсэн, хүсэж байгаа үгийг олж дамжуулах мөрөөдөл нь өдрийн бодол, шөнийн зүүд. Үнэмшилтэйгээр зохион ярьж, хутган үймүүлэх нь ховч бялдуучдын үндсэн мэх. Ховч, хутган үймүүлэгчдийн хар балгаар улс орон үгүйрэн доройтож, бусдын идэш болж байсан баримт хүн төрөлхтний түүхэнд бишгүйдээ бий. Ховчдын гайгаар төр самуурч, түмэн үймж байсан жишээг захаас аван дурьдаж болно. Хүмүүсийн хооронд яс хаяж дундаас нь ашиг олж амь зогоогсодыг нэр хаягаар нь мэддэг, тэдний тухай шүд зуун ярилцдаг мөртлөө үгээр нь үг хийгээд байдаг нь хачирхмаар. Хүмүүсийн эргэлзээ, хартай бодол дээр нь тоглож, хагаралдуулах нь ховч бялдуучдын түгээмэл хэрэглэдэг арга.

Өөрийгөө зөвтгөн, бусдыг муу хэлдэг хүнээс ямагт жийрхэж яв. Өөрийн нэгэн дутагдлыг ухаарах нь бусдын зуун алдааг олж харснаас хавьгүй дээр. Хүний алдааг харахдаа өөрийн алдааг цуг сана. Хайрласан нүд хазгайг олж хардаггүй. Гэхдээ хамгийн ойр хүмүүсийнхээ алдаа согогийг хамгийн түрүүн олж харж, онож хэлж өгөх нь чиний бусадтай хуваалцалгүй хийх ажил. Хүний тухай чамд хов жив дамжуулж байгаа нөхөр эргээд чиний тухай түүнээс таарууг ховлож чадахыг мэд. Бусдын амьдралд сөргөлдөөн, эвдрэл үүсэх арга заль зохиож, хүний тухай элдэв муу юм ярихын оронд тэднийг бүх талаас нь ойлгон уучилж, бусдын тухай ярихдаа сайн чанар, сайхан үйлийг нь хөхүүлэн дурс. Атаархан маргаж, эв эеэ самарч явснаас бусдынхаа амжилтанд баясаж, баяр жаргалыг хуваалцан, бие биеэ дээдлэн хүндэлж, итгэж найдаж явахыг хичээ.

“Чалчаа хүн бусдын хайрыг татах гэж уурыг хүргэнэ. Тус болох гэж түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана”. Дэмий чалчаа яриаг дэврүүлж хөөргөх, утгагүй яриа хөөрөөнд урам өгч сонсох хэрэггүй. Чалчаа яриа илэрхий хор үгүй. Яриа сунжирсаар хайран цагийг яйран хийж сүйтгэн, эрч хүчийг барна. Чалчаа үг үнэнд хөтлөхөөсөө илүү төөрөгдлийг тэтгэнэ. Чалчин ярьж цэцэн болохгүй. Бусдыг муу хэлэн чалчиж, өөрийг чинь магтан чалчигчийн үгийг аль алийг нь бүү сонс. Өглөөний нарнаар анд нөхдөө доромжлон чалчиж, үдэш орой өршөөл хүсэн нахилзах хүнд итгэх аргагүй. “Чалчаа хүн бол хэн бүхний уншиж болох ил захидал мөн”. Хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэсэн сургамжтай үг бий. Чалчаа хүн гэрийн үг, хээрийн үгээ ч ялгаж салгахаа больдог юм. Шалихгүй бороо шавхай уддаг бол чалчаа яриа үер буулгаж ч мэднэ. Чалчаа яриа бол хүнд суусан гэм согогийн сүйтгэл багатай нэг илрэл юм. Нөхрийн гэмийг засахад тусал. Хэт их чалчаа болчихоогүй дээр нь хэлж ярьж хязгаарла. Хожуудсан тусламж хэнд ч хэрэггүй. Дараа гэж юуг ч бүү хойш тавьж бай. Хойш тавснаас хожно гэж үгүй. Өөлөх согогтой нөхөртөө өгөөмөр сэтгэлээр тусал. Өгөөмөр байна гэдэг ихийг бус цагийг олж туслахдаа байдаг. Ямар нэг зүйлийн тухай дэндүү их яривал бүхий л таашаал үгүй болдог болохоор хэмжээ дамжааг тааруулж сурах нь зөв. “Дуугүй байх нь хүний хамгийн үнэнч анд юм” гэсэн мэргэдийн үг арай хэтрүүлсэн аястай ч хэмжээ хязгаараа үл мэдэн чалчих хэмжээнд очиж арай ч болохгүй ээ.

Хүний сэтгэлийг шаналгах хатуу ширүүн, хараал зүхлийн үгийг бүү хэл. Сэтгэл өвтгөм үгийг зөөлөн хэллээ ч хатуу буудаг юм. Боловсролгүй, донгио байдлыг бүдүүлэг яриа чинь шууд нотлоод өгнө. Бүдүүлэг үг ярианаас бүр хол яв. Бүдүүлэг үгийг өөрөө хэрэглэхгүй байхын хамт бусдаас сонсохгүй байхыг хичээ. “Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга, хүмүүс та нарыг ялгаж зааглаж чадахгүй болж мэднэ”. Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярлаж суудаг гэдэг. Бүдүүлэг аашаараа бусдыг баясгана гэдэг бүдүүлэгийн дээд бүдүүлэг билээ. Хорон үгээр хүнийг булж, бухимдуулж болохгүй. Хорон үг мэснээс ч аюултай гэж монголчууд ярьдаг бол хорон үг хурц хутга гэж германчууд хэлдэг юм билээ. Аль аль нь сэтгэлийг шархлаах хорон үгний аюулаас сэрэмжлэн болгоомжлуулж хэлсэн үг.

Доромж тохуу нь хатуу ширүүн үгний нэг хэлбэр. Доромж тохуу үгс хүний эрхэм чанарт эрээгүй халдаж, доош хийн доромжилж, сэтгэлийг эвдэн бусниулах хортой тул түүнээс аль болох зайлсхий. Хүнийг дутуу, эмзэг зүйлээр нь дуудан элдэвлэж болохгүй. Барагдашгүй хорогдошгүй гомдолд хөтөлж, дуусашгүй, дундаршгүй хэрүүлд чангаахаас өөрийг үл авчирна. Хийгээгүй муу үйлийг хийсэн болгон гүтгэх шиг аюултай амны алдас үгүй. Үйлдээгүй мууг үйлдсэн мэтээр хардагдах шиг сэтгэлийн шаналан бас үгүй. Гүтгэгдсэн, хардагдсан хүний дотор сэтгэл шатаж байдаг билээ. Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй. Зовлон шаналангаа өөрөө эдэлж, цагаадаж цайрахын гэгээн өдрийг хүлээн суух болдог юм. Энэ яваа насанд нүгэл хилэнц, муу муухай бүгд сайн бүхний орон зайг эзлэн хургаснаас хүнийг оргүй хоосонд шууд гүтгэх, сургаар дам гүтгэх, захиалгаар санаатай гүтгэх ад зэтгэр шүглэн зовооно. Бусдыг бузар явдалд гүтгэмээр санагдаад хэл чинь загатнаад байвал халбага давс амандаа хийчих. Тэр гэм зэмгүй хүнд гүтгэлэг гөрдлөг ямар гашуун сонсогдохыг амандаа хийсэн давсны амтаар ч болов өөрөө мэдрэг. Үгний алдаанаас үргэлж хол яв.

Өнөөдөр тааруу зүйлсийн тухай бишгүй ярилаа. Залуус та нарыг амны алдаа бага хийж, муугаас зайлж, муухайгаас холхон явахыг сануулж энэ бүхнийг хэлж байгааг ойлгон тунгаагаарай.

Н.Багабанди

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Мэргэн үг | Үзсэн 18501

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.