- Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол...
- Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу?
- Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу?
Н.Баганбанди
Монгол Улсын Ерөнхийлөгч асан
Хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчид эрдэм номын гэрэлт өргөөндөө цуглан буй цаг мөч дор номтой нөхөрлөх тухай бүхний мэдэх сэдвээр ярьюу гэж зориглов.
Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соёлын асар их хөгжлийн эхийг тавьсан гэгээн түүхтэй. Номын нэр нь “Алмаазан судар”. Энэ үеэс ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор ирэв. Бидний үеийнхэн “ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгийг шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Зөвхөн цээжээр хэлж цэцэрхэх төдий ч биш ном хэмээх гэрэлт цонхоор ертөнцийн түмэн зүйлийг харж мэдэхийг хичээдэг байлаа. Олон ном уншсан хүүхэд “номын сайн нөхөр болно. Түүнээсээ ахиад “Д.Нацагдорж тэмдэгтэн” болчихвол бүр ч мундаг. Номтой нөхөрлөхийг ийнхүү хөхүүлэн дэмжиж, урамшуулан тэтгэдэг байж. Бахархан дурсмаар зөв бодлого. Хүүхэд, залуус ном унших нь багаслаа гэж багш нар сэтгэл зовнин өгүүлэх болов. “Уншихаа боливол сэтгэхээ болино”. Сэтгэхээ боливол хөгжил зогсоно. Үндэстэн доройтно.
Залуу андууд минь ном амтархан уншицгаа. Гэхдээ тааралдсан ном болгоныг толгой дараалан уншаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгтэй номоо уншиж, хэрэг болох зүйлээ авч сурах тухай зөвлөж байна. Ийм чадварыг номтой найзалсан залуу хүн болгон аяндаа чадамгай эзэмшинэ.
“Ертөнцөд сайхан ном олон байдаг. Гэвч тэдгээр нь гагцхүү түүнийг уншиж чаддаг хүмүүст сайхан юм”. Ном, шимтэн дурласан, уншиж нөхөрлөсөн хүндээ юугаар ч орлуулашгүй үнэт эрдэнэс. Тиймээс ч аугаа их В.Шекспир “Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй” гэж хэлсэн биз ээ.
Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол номтой хамгийн ойр шадарлан нөхөрлө!
Ухаан далай номноос эхтэй. Ном хэмээх хөлөг онгоцонд тухлан сууж ухааны хөлгүй далайгаар хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин, цэнгэлийг эдлэх боломж өдгөө залуу хүн бүрт тэгш заяасан байна. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаа. “Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн” гэж гүн ухаантан Ф.Бэкон хэлсэн. Эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны энэ хосгүй хөлөг онгоцны зорчигч байж чадахгүйгээр бага, залуу насаа илээвэл чиний амьдрал бүхэлдээ утга учиргүй, баяр цэнгэлгүй өнгөрнө.
Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу? Ном дотор ариун эрдмийн тариа будаа халиуран шаргалтан найгаж байдаг юм. Болц нь гүйцсэн тэрхүү тариа будааг гагцхүү номын садан болсон ухаант хүн л хурааж нөөцөлж авна. Номноос мэдэхгүйгээ олж мэднэ. Сонсоогүйгээ сонсоно. Амьдралын гэрэл гэгээ, эрээн бараан бүхнийг ном чамд таниулна. Ухаарал өгнө. Тунгааж эргэцүүлэх, жишин харьцуулах, ургуулан сэтгэх зай цэнэгийг номноос хураан цуглуулна. Гоо сайхны үлэмжийн таашаал хүртэнэ. Ном шинжлэх эрдмийн мэдлэг хайрлана. Номонд байхгүй юм гэж үгүй.
Ном хүн төрөлхтний яндашгүй баялаг. Өмнө өрөөстэй байгаа хоолыг харж суугаад цаддаггүйтэй адил хажууд өрөөтэй байгаа номыг харж суугаад тусыг эс олно. Хоолыг идэж байж цаддагтай адил номыг уйгагүй уншин судлаж байж л эрдэм мэдлэгийг чамбай хуримтлуулж авна. Ном, нөхөрлөсөн бүх хүнийхээ багш нь юм. “Багш гэдэг бол залуу оюуныг соён гийгүүлэгч юугаар ч сольж болшгүй нарны шим тэжээлт туяа” байдаг билээ. Хүн бүр багштай. Багшийн багш нь яах аргагүй эрдмийн их далай – ном гэдэгтэй хэн маргах вэ?
Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу? Мэдэхгүй, дутуу бүхнээ номноос асуу. Бүгдийг ой тойнд чинь ортол хэлээд өгнө. Нэгэн гүн ухаантнаас хэрхэн их эрдэмтэй болсныг нь асуухад “эс мэдсэнээ би ичихгүй асуудаг байсан” гэж хариулжээ. Юм мэдэхгүй байна гэж ном хэзээ ч чамайг элэглэн шоолохгүй. Чиний, мэдэхгүй байсан тухай хэнд ч өөнтөглөн ярихгүй. Гэсэн хэрнээ дутуу дулимаг бүхнээ ичиж зовохгүй, залхуурч назгайралгүйгээр асууж, шимтэн уншваас бүхнийг гүйцээн хэлж, гүйцэд туслах нэвтэрхий суутан ганцхан ном билээ. Баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгалгүй хүн бүхний оюуны хэрэгцээг ижил тэгш хангаж чаддаг алагчлалгүй шударга мөртлөө шавхагдашгүй ундаргат эрдмийн эх булаг бол ном. “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...” гэж ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай зүйрлэн хэлсэн байна. Тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөхийг хүсэмжлэх омголон дэврүүн залуу насны чинь онгод хийморийг хөглөгч агуу гайхамшиг ном мөн тул салшгүй сайн анд нөхөр чинь чухам ном байх учиртайг сэтгэл зүрхэндээ гүн бат тогтоож авцгаа.
Ном бол мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Номын ид шидийг амсаж мэдэрсэн хүн Соломон хааны нуусан эрдэнэсээс илүү баялгийг эзэмшиж, Монте Кристо гүнгээс баян болсондоо хөөрөн баясч, хөгжин бахдах нь урамтай.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл номын санд морилон тухлаарай. Номын сан бол өмнөх үе, одоо цагийн оюун ухааны дархчуулын туурвин бүтээсэн мэдлэг оюуны дээжис хадгалаастай ариун номын газар орон, хүн болгонд нээлттэй эрдэм мэдлэгийн сан хөмрөг, ирээдүйд хураан үлдээх дээдийн дээд өв хөрөнгийн ордон мөн. Залуус та нар хамгаас түрүүн, хэний ч урилга заллага, шахалт шаардлагагүйгээр яаран очих саруул өргөө нь номын сан болсон цагт тэрхүү гэгээн саруул өргөөнд тоосонд дарагдан цагийн аясаар шарлан хэвтэх ном хэмээх ид шидтэн мэдлэг боловсролын гэрэлт оргил өөд замыг чинь заан найдвартай хөтлөх болно.
Өөрөө уранхай, нөхөөстэй дээл эгэлдэргэлэх мөртлөө гэртээ байх ном судраа торго хоргойгоор баринтаглан дээдэлдэг судар номын өндөр соёлтой монгол түмний үр сад гэдгээ хүүхэд залуус та нар үргэлж санаж, сайн уламжлалыг тасалж болохгүй гэдгээ эгнэгт ухаарч явах хэрэгтэй. Ямар ч хүн хэрэгцээнийхээ хэрээр ашиглаж болох үнэт зүйлс ном шүү гэдгийг эрхбиш мэдэж, мэдрэх цаг болсон. “Хүн төрөлхтний бүх амьдрал номонд хуран цуглажээ. Овог, аймаг, хүмүүс, төр мөхөж байхад ном л хоцорч үлддэг. Ном бол хүн төрөлхтний хамт өсч, номонд оюун ухаан донсолгосон хамаг сургаал тогтнож, зүрх догдлом хүсэл эрмэлзэл шингэжээ.” Шилдэг сайн ном туурвин, оюуны сац суварга босгосон ном бүтээгч ухаантан мэргэдийг хүндлэн дээдэлье. Шимтэн уншиж, ширээний болгон хэрэглэх номыг зохиогчид нь өнөө, ирээдүй үеийнхэний өмнө зүйрлэх ижилгүй гавьяат үйлсийг бүтээн, оюуны өв болгон үлдээж байгаа мөнхөд дурсагдах буянтнууд. Тэднийг хайрлахгүй, хүндлэхгүй, бишрэхгүй байхын аргагүй. Та нарын шимтэн дурлаж байгаа компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн E-book буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн. Энэ бол ном соёлын салбарт гарсан хувьсгал байв. Энэ гайхалтай номыг орон зай, цаг хугацааны ялгаагүйгээр уншигчдад маш түргэн шуурхай хүргэх шинэ зам зурайн тодорлоо. Та нар дэлхийн аль ч өнцгөөс дөнгөж хэвлэгдсэн номыг ямар нэг татвар, төлөөс, тээвэрлэлтийн зардалгүйгээр цахим хэлбэрээр унших боломж бүрдсэн. Түүнчлэн ямар ч үнэ хөлсгүй мянга мянган цахим ном тараах эрхтэй интернэтийн урьд хожид байгаагүй үйлчилгээ бий болсныг олзуурхан хэрэглэж, оюунаа цэнэглэх бүхэнд нээлттэй алтан боломжийг бололцоогоороо ашиглах хэрэгтэй. Цахим ном өмнө төрсөн ах, эгч нараасаа олон давуу талтай. Хэрэгцээт мэдээллийг нүд ирмэх зуур хайж олж чадна. Цахим номыг хадгалахад илүү дутуу орон зай, шүүгээ тавиур хэрэггүй. Түүнээс гадна цахим номыг бага гэрэл, тэр ч бүү хэл харанхуй орчинд уншиж болно. Нүд чинь ядраад, залхуу чинь хүрвэл цахим номыг уншигч програм нь чанга дуугаар уншаад өгнө. Гагцхүү ашиглаж хэрэглэж сурах хэрэгтэй. Хүүхэд залуус та нар компьютерт шамдан суралцахтайгаа хамт гадаад хэлийг шимтэн сурах нь зайлшгүй чухал. “Олон хэл мэднэ гэгч нэг цоожинд таарах олон түлхүүртэй болно гэсэн үг” гэдгийг битгий мартаарай.
Ном уншихад гурван янз байдаг гэнэ. “Нэгдүгээрт уншаад үл ойлгох, хоёрдугаарт уншаад ойлгох, гуравдугаарт уншаад ойлгох төдийгүй бүр бичигдээгүйг ургуулан ойлгох”. Хүүхэд залуус та нарыг дор хаяж номыг уншаад ойлгодог, улмаар бичигдээгүйг ургуулан бодож ойлгодог чадвартай болоосой гэж хүсэж энэ бүхнийг яриад байгаа юм.
“Чин сэтгэлээсээ номыг эрхэмлэгтүн. Ном бол таны зөвхөн шилдэг нөхөр төдийгүй, хэзээд хамт байх үнэнч хань мөн”.
“Ном дор мөргөмү” гэсэн дээдсийн сургаалийг дээдэлж явцгаая.
Н.Багабанди