.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Н.Багабанди: Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал
2010:09:12 09:23:35

Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй” гэсэн суу билэгтний үг бий. Авьяас билэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныг амсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийг шантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоо хүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийн хүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэж чадалгүй шантран орхих нь цөөнгүй. Том зорилго тавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч, сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замын хугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийн асар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтарт ажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саад бэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэн туулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийн хүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заан өндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүс байдаг.

Английн зохиолч Сомерсет Моэм бол өнгөрсөн зууны нэрт уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр багадаа хүнд өвчилж зовлон туулсан нь хожмын мэргэжлээ сонгох нэг шалтаг болсон гэдэг. Бие султай тэр залуу бэрхшээлийг сөрөн бүтээлч эрлийн их замд оржээ. Эцэг нь удам залгасан өмгөөлөгч байв. Харин Моэм ээрч ярьдаг учир өмгөөлөгч болох тухай бодохын ч хэрэггүй байлаа. Тэгээд зохиолч болохоор шийджээ. Нялх балчир насандаа эхээсээ өнчирч, хүний зовлонг эрт амссан нь хожимын зохиол бүтээлийн нилээдийнх нь эх ундарга тэндээс эхтэй гэнэ. Тэрээр зожиг амьдралд өсөж торниж, юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж, гаднаас нь зураглан бичих аргад гойд мэргэшсэн зохиолч гэгддэг билээ. Аливаа хүн насны бага, цусны шингэнд чадал эрдмээ таньж, тэрхүү эрдэнийн хосгүй чадлыг нээхийн тулд учир зорилготой, эцэлт цуцалтгүй хичээн зүтгэж ажиллавал амжилтанд зайлшгүй хүрнэ. Энд тэвчээр хатамж тань нөхөр, түшиг тулгуур чинь болно. Ер нь тэвчээр хатамж хүн юманд хүрэх, амжилт гаргахын зайлшгүй нөхцөл мөн. Тэвчээр хатамж залуу хүний зан чанар, зорилго эрмэлзэл болон зүрх сэтгэлд шингэн орсон цагт туйлын ирээдүйтэй, маш өгөөжтэй байх нь дамжиггүй ээ. “Хэн үл шантарна тэр олно”.

Хүн ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ сэтгэлээ шингээж, чин зүрхнээсээ хичээж чармайвал үр дүн хэзээд өндөр, бусдаас хавьгүй илүү байх болно. “Сэтгэлээ өгсөн ажил тань хүссэн санаснаар чинь бүтнэ. Тэр цагт хэн хүн чамтай өрсөлдөх хүч чадал мөхөсдөнө” гэж хэлсэн ухаантны үгийг санаж явбал тустай. Сэтгэл гаргаж хэлсэн үг хүний зүрх сэтгэлд хоногшдог. Чин сэтгэлээ уудлан бичсэн зохиол бүтээл хүний чин зүрхэнд шингэдэг. “Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй билээ”. Тоос арчсан ч, тогоо барьсан ч түүнийгээ сэтгэлээсээ хийж чадвал эрхэлсэн ажлаасаа таашаал авч, сэтгэл ханамжийг дүүрэн эдлэх нь эргэлзээгүй. Хорслоор хийсэн хоол хүнд хор болно гэсэн үг бий. Оромдож хийсэн, нүд хуурсан, сэтгэл дутсан үйлдэл бүхэн аливаад сэтгэлээсээ ханддаг хүний нүдэнд орсон шороо мэт тээртэй байдаг юм. Тэгээд ч тийм зэргэмжийн ажил хэзээ ч үнэлгээгүй, шударга хүмүүст хогийн ургамал шиг ад шоод үзэгддэг билээ. Түүнчлэн “тулгатай гал шиг халуун сэтгэлээр хандаад байхад тулх муутай хүйтэн сэтгэлээр хариулах нь” сайн хүний төрх биш ээ. Тэгээд ч монголчууд “сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаав” гэж ярьдаг биз ээ.

Английн их уран барилгач Кристофер Ренийн тухай ийм нэгэн яриа их алдартай. Та бүхэн сонссон байх аа. Тэр Лондонд ирээд өөрийн зураг төслөөр барьж буй нэгэн сүмийн дэргэдүүр өнгөрчээ. Барилгачдыг харснаа тэд юу бодож, яаж ажиллаж, хэрхэн аж төрж байдаг улс юм бол гэсэн бодол төрж тэдэнтэй уулзаж ярилцжээ. “Та юу хийж байна” гэж барилгачдаас асуув. Нэг нь “Тоосго өрж байна”. Нөгөөх нь “Хоолныхоо мөнгийг олж байна”. Гуравдахь нь “Энэ сайхан сүмийг байгуулах буянтай ажилд оролцож байна” гэж сэтгэл бардам хэлжээ. Энэ хүн эгэл аж төрлөөс дээш гарч, сайхныг хүсэн тэмүүлэх сэтгэлийн охиор амьдарч байгааг уран барилгач олж мэджээ. Өөртөө болон эргэн тойрондоо байгаа өөдтэй, өнгөтэй бүхнийг олж харан баясаад сэтгэлээ хөвчлөх, чадлаа дайчилбал үйлс заяа чинь өөдрөг сайн байх нь гарцаагүй ээ.

“Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана” гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа” гэж сургасан билээ. Хүний хийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээ илэрхийлэх нь туйлын чухал. Хүнд чин сэтгэлээсээ онож хэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зориг тэмүүллийг хайрладаг. Марк Твен “Нэг удаагийн магтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм” гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаа танихад хамгийн ойрын туслагч нь болдог.

Нэгэн нэрт гэрэл зурагчны амьдралын түүх та нарт сургамжтай байх аа. Тэрээр нэг өдөр тавь гаруй зураг авснаас сайндаа л ганц хоёр нь гайгүй болж. Эцэг нь үзээд “чадах юмаа оролдсон нь дээр биз дээ” гэж хэлжээ. Харин эх нь нэг зургийг зааж “энэ ганц чинь л бусдыгаа төлөөлж чадна” гэжээ. Эх нь хүүгийнхээ ганц зурган дахь авьяасын очийг олж харах уран сэтгэмж, тэр ялимгүй ололтыг тэтгэн дэмжих сэтгэлийн тэнхээтэй хүн байжээ. Тэр урмын хэдэн үг цөөдсөнгүй. Хүү нь урамшиж яв явсаар эрин үеийнхээ нэртэй гэрэл зурагчин болсон гэдэг. Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агууг шууд хүлээн зөвшөөрдөг билээ. “Үнэхээр ярих юм алга, Шубертын дотор бурхны дөл орогнож байна” гэж Бетховен дуу алдсан гэдэг. Шинэ юм үүсгэж оролдож ядаж яваа хүнд нас биед хүрсэн ч байг ялгаагүй магтаалд урамших, шүүмжлэлд гутах нь бүр хүүхэд шиг байдаг гээч. Хүмүүст шинэ санаа төрөх нь амархан, бас унтрах нь ч хялбар. “Шинэ санаа бүхэн эмзэг байдаг. Үл тоомсорлох, илт басамжлах аль нь ч хөнөөж чадна. Тэр ч байтугай нүдээ ирмэхэд л гэмтдэг юм” гэж сурталчилгааны нэртэй пүүсийн эзэн хэлжээ. Ингэхээр эелдэг харьцаа гэдэг бидний өөрсдийн төдийгүй, нөхрийн амь хүчийг сэлбэж байдаг байна.

Хүнийг өөлөн гоочлох нь амь хүчинд халгаатай. Өрөөсгөл шүүмжлэл хүний сэтгэлийг мэрж, идэвхийг унтрааж, бүтээлч чадлыг сааруулдаг гэмтэй юм. Тийм болохоор залуус Та нар ойр тойрныхонтойгоо эелдэг харьцаж, сайн талыг нь үнэлэн, урам хайрлаж, магтах үйлийг нь магтаж урам зоригтой алхах цэнэг өгч бай. Гэхдээ энэ нь дутагдлыг нь нууж дуугүй яв гэсэн үг ердөө биш. Алдааг хэлэлгүй, амаа хамхиж суу гэсэн үг бүр биш. “Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл” гэсэн үг залуу хүн бүрийн дагаж мөрдөх сургаал болон хоногшин хэрэгжиг.

“Хүнд эрдэм мэдлэг хэрэгтэй гэж батлах нь хүнд нүд хэрэгтэй гэж ятгаснаас ялгаагүй” гэж хэлсэн нэгэн эрхэмийн үнэн үгийг саяхан уншлаа. Гэлээ ч гэсэн би хүүхэд залууст эрдэм мэдлэг туйлаас чухал хэрэгтэй шүү гэж давтан хэлсээр байх болно оо.

Н.Багабанди

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Мэргэн үг | Үзсэн 32158

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.