Зорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэн зорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болон дутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа их Аристотель сургамжилсан.
Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хорт муу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй. Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөг чанар, хорт зуршил, согог дутагдлыг хувийн мэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газар авахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ёстой. “Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянт хүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутам өөрөөсөө асууж бай” хэмээн Энэтхэгийн бүр эртний туульст өгүүлсэн буй. “Хүнд хичнээн сайн чанар байна бас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутай болдог” гэнэ. Хүний амьдралаас шахан зайлуулбал зохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэн нитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамаж хаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаа сөрөг муу чанарыг үлдэн хөөснөөр өөрт байгаа мунхаг үйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанар эрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон зайг чөлөөлж өгч буй нь тэр. Он жил солигдон амьдрал урагшлахын хирээр оюун санааны чинь нөөцөд юу нь хуучирч урагшлахад саад болж байгаа, юунаас татгалзах хэрэгтэйг мэдэж мэдрэх билгийн мэлмийтэй байвал туйлийн сайн. Зэвэрч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй, биеэ хянах чадваргүй болтлоо доош унасан бол туйлаас муу. “Зэвэрснээс хигдэс болсон нь дээр” гэсэн үг ч бий.
Өөрт байгаа согог дутагдлыг хэдий чинээ удаан хүлцэн тэвчвэл оюун санааны ертөнц чинь төчнөөн ядуурч, чиний хувьд төдий чинээ муу болно гэсэн эгэл үнэнийг үргэлж санаж яв. Хүн сул чанараа захирч чадахгүй болсон цагт хувь заяагаа засах чадвараа алддаг. Энэ үеэс эхлэн сохор учрал, үгүй бол зориг шийдмэг өөр хүмүүсийн сэргэг ухаан тэднийг залж жолоодох болдог. Ийм учраас өөрийн ухамсарт амьдралаар амьдрая гэж хүсч байгаа л бол хүн сул чанараа таньж мэдэн, захирч засч чаддаг байх ёстой. Хөнгөн хялбар амьдрал хөөцөлдөх нь бүх гэмт хэргийн 91 хувийн эх үүсвэр болдог гэсэн судалгаа байхыг олж үзсэн. Салан задгай, болгоомжгүй, өөрийн зан үйлд бодолгүй хөнгөн гоомой хандах нь ахуйн осол гэмтлийн 70 хувийг төрүүлдэг гэнэ. Сул талаа засахгүй бол түүний цаана ийм аймшиг, гамшиг хүлээж байдгийг эрхбиш бодож тунгаан, сайн чанараа бэхжүүлэх нь хүн байхын утга учир билээ.
Өөрөөс чинь илүү сайн амьдарч, сурч, ажиллаж, хувцасласан хүнийг харах бүрд сэтгэл өвдөн атаархдаг болсон бол санаа сэтгэл чинь хордож, бие сэтгэлд чинь муу авир шүглэсэн байна гэсэн үг. “Төмрийг зэв идэхийн адил санаа сэтгэлийг атаархал хордуулдаг” гэж хоёр мянга гаруй жилийн өмнө нэг ухаантай хүн хэлсэн. Атаач муу чанар хоёр мянган жилд өөрчлөгдсөнгүй, хорт нянгаа үе залгамжлуулан халдаасаар өдий хүрсэн нь тодорхой байна. Атаа хорсол хүний хүн чанарыг дотроос нь мэрж сүйтгэн доройтуулдаг олиггүй согог билээ. “Хүн, хүн чанараа алдвал араатнаас долоон дор болдог” гэнэ. Тэгэхээр атаа жөтөө ягуухан яв явсаар хүнийг араатнаас долоон дор болгон хувиргах адтай хор мөн ажээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь хургасан бол түүнийг ялан дийлэн салахыг бод гэж өмнө хэлснээ давтая. Санаа нь байгаад сачий нь хүрэхгүй атаач хүмүүс бусдын түвшинд хүрэхийг чармайхаасаа илүүтэй атаархаж суух нь хялбар байдаг бололтой. Өөрөө амжилт гаргах гэж хичээхээсээ өмнө бусдын амжилтыг сааруулж, хүний нэр төр дээр сүүдэр хаяж, шавхай цацаж байх нь илүү амар хялбар байдаг шиг ээ. “Атаархлын далбаан дор үзэн ядах, гүжир гүтгэлэг, урвалт, далд хорон санаа залран ирдэг” гэж хэлсэн гүн ухаантны үг маргашгүй үнэн буюу. Хутган үймүүлэх, гүтгэн гүжирдэх гэдэг хорон дорой санааны хувь тавилан бөгөөд харин тийм өөдгүй хүний нүүр царай илчлэгдэн зэс гууль нь цухуйхын цагт олны хүндлэлийг хүлээх заяагүй болон хаягддаг билээ. Хорон санаат, гүтгэгч, урвуу үзэлт өөдгүй амьтан болж нэр нүүрээ барахгүй байж чадна гэж залуус хатуу андгайлан тангараглах хэрэгтэй. Бусдын ийм байдлыг үзэн ядаж, жигшин зэвүүцэхийн зэрэгцээ өөрийгөө ч тийм булай явдлын нянд бузарлагдахаас сэргийлж байвал зохино. Гүтгэлэгийг үл хэрэгсэн, хов живийг үл дамжуулан, түүгээр хоол хийж зугаагаа гаргагчдад тохирсон хариуг хатуухан өгч, няцааж сур. Энэ бол ойр орчноо бузарлах бусармаг үйлдлээс хүмүүсийн санаа сэтгэлийг сэргийлэн эмчлэх “өдөрт нь эдгээдэг өнөн цагаан эм” гэдэг шиг сайн эм юм. “Бусдад гүжир үг шивэгнэгч тэр хүнийг гэрээсээ хөөж гарга” гэж эртний грекийн долоон ухаантны нэг Фалес сургасан. “Хов жив, гүжир гүтгэлэгийг сарнай цэцэг дээр ассан хорт өт адил хяргах хэрэгтэй. Ийм өт бол сайхан цэцгийн нимгэн булбарай талд нь нуугддаг юм” гэж өөр нэг гүн ухаантан айлджээ. Хов жив, гүжир гүтгэлэг, атгаг санаа залуу хүний дөлж тойрч, хол явбал зохих муу араншин. Тэдгээртэй нэр төрөө бодон шийдвэртэй тулалд, муугаас салахад нь бусдад тусал, өөрийнхөө бүтэлгүй муутай байнга тэмц, тэгээд гай түйтгэрийн шалтгааныг өөрөөсөө эхлээд хайж сурах хэрэгтэй. Тэгж чадаж байвал зүрх сэтгэлд тань сайны үр үржин төлжсөөр байх болно. Нэгэн нэрт жүжигчнээс таны аз жаргалын нууц юунд байдаг вэ? гэж сэтгүүлч асуухад “Атгаг санадаггүйд” гэж хоёрхон үгээр хариулсан байна. Атгаг санаагүй хүн аз жаргалдаа умбаж суудаг ажээ.
Өөрийгөө шинжин таньж, тааруу муу араншинг биеэсээ зайлуулж чадаж байвал сайн сайхныг зорьсон эрхэм зорилгодоо хүрэх өргөн дардан замаа засч байна гэсэн үг ээ. Сайнд хүрэхийн тулд муугаа хая.
Н.Багабанди