Үүний өмнө сайхан сэтгэлийн тухай ярьсан. Өнөөдөр хүний мөстэй байх талаар ярина. Сайхан сэтгэл, хүний мөс хоёр төрсөн ах дүү, эгч дүүс юм. Сайхан сэтгэлт хүмүүс хүний мөстэй байх нь саруул орчлонд сар, од хоёр хамт гэрэлтдэгтэй адил. Хүний мөстэй хүн сайхан сэтгэлтэй байх нь маргааш өглөө наран мандана гэдэгтэй ижил, хувиршгүй үнэн билээ.
Хүний мөстэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, сайн хүн. Хүн чанартай, ханилгаатай нөхөр. Хүний мөсийг төрмөл, заяамал шилдэг шинж чанар гэж үзэх нь бий. Эцэг эх, байгаль эхтэй хамтран харамгүй хайрладаг дээд араншин бол хүний сайн мөс чанар мөн. Төрмөл заяамал хүний мөстэй хүн ямар ч үед үл хувиран, нэг л шилмэл төрхөөр хорвоог туулах тавилан тэгш хүмүүн билээ. Хүний мөс гэдэг нь олдмол араншин гэж үзэх нь ч бий. Хүмүүс хатуу хорвоогийн бэрх замыг туулан шигшигдэхдээ хүний мөс сайтай, хүний мөсөөр барагтайхан гэсэн хоёр хэсэгт хуваагдах мөртлөө хоорондоо холилдон сүлэлдэн амьдрах бөлгөө. Хонгорхон булбарай цэцэгсийн дунд хогийн ургамал соёолдогтой адил хүний мөстэй хүмүүсийн дунд хүний мөсөөр барагтайхан нь бас хөлхөлдөнө. “Өөдтэй гэдэг бүхнээ уруугийн сүүдэрт хиртээсэн” хэсэг нь хүний мөсгүй авирлах болдог. Өс атаанд хорлогдсон хүнийг мөсгүй сэтгэлтэн болох гунигт тавилан угтан тосч байдаг. Сэтгэлийн буруу муруйгаа тэгшлэхгүй зөнд нь орхисноос хүний мөс цөвтөх хүсэшгүй зам руу хальтран орох нь түгээмэл.
Дэм дэмэндээ амьдарсаар ирсэн нүүдэлчин удамт монголчуудын дийлэнх нь мөс сайтай. Арын мод алагтай цоогтой, аавын хүү сайнтай муутай байдаг болохоор хүний мөсгүй загнах хүйтэн цэвдэг араншинтан хорвоод бас цөөнгүй. Хүний мөс хэмээх шилдэг зан араншин бол амьдралд олдох хамгийн дээд үнэт эрдэнэс мөн. Хүүхэд залуус Та нарыг хүний мөс сайтай, хамгийн дээд үнэт эрдэнэсийн эзэд байгаасай гэж хүсэж байгаа юм.
Монголчууд сайн хүний үр, саальтай гүүний унага гэж ярьдаг нь учиртай. Удмаараа хүний мөс сайтай хүмүүс хүндлэл сайтай, хүрээлэл өргөнтэй. Тэд голцуу удам залгасан төрмөл заяамал хүний мөстэй хүмүүс. Удам дамнасан шилдэг зан араншин удавч өнгө нь үл хувирах шижир алт лугаа. Ах сайтын дүү цэцэн гэдэг билээ. Сайн санаат ах нь сургаж сайн оюут дүү нь сонссоор цэлмэг ухаантай, цэцэн билэгтэй болох ёсон бий. Хүний сайн чанаруудыг өөрт шингээх хичээл оролдлого гаргаж хураан хуримтлуулсаар мөс сайт хүн болох боломж залуу хүн бүрийн гар хүрэх газарт хүлээж байгаа. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Хаяж гээх муу зан надад юу бий билээ, хамаж цуглуулах сайн араншинг хаана хэнээс зээлдэхэв гэдгээ сайтар бодож тунгаасан байх шаардлагатай. Сайн санаатныг бурхан дагаж, муу санаатанд чөтгөр шадарлаж явдаг гэдэг болохоор бурханд ойр байх уу, бугтай нөхөрлөх үү гэдгээ шийдэх нь эрхбиш өөрийн чинь хийх сонголт.
Нийгмийн байр суурь нь ямар ч байлаа гэсэн сайн авир араншинт хүн зөвхөн түүгээрээ хүндлэл хүлээмүй. Зан араншингийн хүч эд баялгаас ч илүү. Шилдэг мөс чанар нь хорвоогийн итгэлийг гартаа оруулах өв хөрөнгө юм. Мөс сайт эрхэм булт олныхоо бахархал байдаг нь асч буй галыг харахаас ч илүү тов тодхон үнэн билээ. Хүний мөс гэдэг гайхалтай эрхэм нандин чанар, хамгийн сайн онцгой шинж мөн. Аливаа юм элэгдэх хорогдох, өвөгрөх ховордохын босгыг үргэлж алхаж байдаг бол мөс сайтын хүн чанар мөлийж хорогдоно, элэгдэж хуучирна гэж үгүй билээ. Хүний мөстэй хүн бусдын төлөө өөрийгөө зориулахад ямагт бэлэн. Бусдад туслах нь тэдний заяамал ариун үүрэг мэт. Тэдний санаа сэтгэл нь хүний төлөө байнга хөглөгдөж байдаг. Тэд ямар ч үед түшиж тулах, найдаж хандаж болох найдвартай хүмүүс. Итгэл даах эрхэм хүн. Хүний итгэлийг хүлээнэ гэдэг амаргүй. Итгэж явсан нөхөр нь итгэл алдах шиг аймаар зүйл энэ хорвоод үгүй. Хүний халуун цэвэр сэтгэл рүү хүйтэн бохир ус цацаж буй мэт итгэсэн хүн нь худалдах шиг аюултай дайсан үгүй. Харин мөс сайт хэзээ ч, хэрхэвч ийм үйлдэл хийдэггүй юм. Хүний мөстэй хүмүүс бусдад тусалснаа мартаж, харин бусдын тусыг үргэлж санаж байдаг. Тэд хүний хийснийг үнэлж, өөрийн хийснийг чамлах хачин гэмээр зантай ч хайрлахгүй байхын аргагүй, онцгой хүмүүс.
Ядарсан нэгнээ түшин тулж, зовсон нөгөөгийнх нь зовлонг хуваалцаж, тус дэм хэрэгтэйд тусалж дэмнэн, урагштай ахицтайг нь урмаар тэтгэж байдаг нь мөс сайтуудын нийтлэг шинж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг монголчуудын нөхрөө таних шалгуур үг. Чадал бололцоотой мандаж явахад ч, чадруу бололцоогүй гундуу үед ч нэг л аашаараа, байсан төрхөөрөө хандах нь мөс чанар сайтын төрөлх зан бөлгөө.
Мөстэй хүн ширүүн хатуу үгээр нөхдийн сэтгэлийг сандаагаад байдаггүй, сэтгэлд шингэх үнэн үгтэй. Зөв итгэл баримтлалтай. Эрүүл саруул сэтгэлгээтэй. Ихэд хичээнгүй, илүү дутуу авиргүй. Гүйлгүү хэрсүү ухаантай.
Шилдэг авир араншин асар их нөлөөлөх хүчийг өөртөө агуулж байдаг. Сайныг дагавал сарны гэрэл гэж ярьдаг нь ийм учиртай. Тэд шилдэг сайн чанаруудаараа хүмүүсийн хүндлэлийг хураан цуглуулж чаддаг юм. Тэдний үйлдэл, хөдлөл бүхэн чухам энэ үнэнийг батлахын тулд төрсөн мэт байх нь үзтэл бахархам, өгүүлтэл бахдам.
Цаг хугацаа, цаг үе хүний мөсийг шалгана. Цөвүүн цаг хүний мөс чанарт цөв суулгах нигууртай. Жинхэнэ яс мөс сайтай хүн цагийн саальтад ааш зангаа хувиргахгүй, авир араншингаа өөрчлөхгүй ээ. Цагийн аясаар өнгө төрхөө хувилгаад байгаа бол уг язгуур нь тийм байжээ гэж л ойлго. Сайтар халхалсан багтай байсныг нь цаг үе хуу татан хаяж байгаа болохоос цаг үе хүний мөсийг тэгтлээ өөрчилж байгаа биш байж магад. Ер нь улааныг үзээд урвагнах, шарыг үзээд шарвагнах нь сайны шинж огт биш.
Xүний мөс чанар муудаж байна гэж хавтгайдаа ярих болж. Олны үг ортой гэдэг. Тийм бол юутай их харуусал. Хүн мөсөө алдуул мал шиг өөрөөсөө дайжуулж болохгүй, алдаж гээх ёсгүй гэдгийг дотор сэтгэлдээ шившин шивнэн хэлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний мөс хэмээх аугаа их, ариун тунгалаг орон зайд хүн байхын гол үнэт зүйлс чандмань эрдэнэ мэт хадгалаастай байдаг юм. Хүний мөсөө гээгээгүй хүн бусдын өмнө нүүр бардам, олны дунд толгой цэх алхана. Бусдаас ичихгүй, хүний нүүр эгц харахтайгаа амьдарна гэдэг бол хүний нэр төрийн хамгийн наад захын хэмжүүр билээ.
Би ч хүнээ алджээ, хүний мөсөө гөвж гүйцлээ гэж бодож чадаж байгаа бол муу биш, харин ч боломжийн бодол. Чиний толгойд хүний мөсөө сэргээх саруул ухаан урсан орж ирж байна гэсэн үг. Зүүний сүвэгчин чинээ нүхээр ч нарны гэрэл тусдаг шиг дотор сэтгэлд чинь итгэл найдварын дөл бадарч эхэлж байна гэж сайнаар бод. Сайн мөс чанараа эргүүлэн авчирч чадаж байгаа чамайг “харах гээд зовхи нь даагдахгүй” байсан ойр тойрныхон чинь бахархалын харцаар цоо ширтэхийг мэдрэнэ аяндаа.
Нүд хардаг хирнээ толины тусламжгүйгээр духаа харж чаддаггүйтэй адил хүн гэмээ мэдэхгүй байх нь түгээмэл. “Өрөөл бусдын алдаа мадаг нүдэнд шууд тусдаг бол өөрийнхөө алдаа мадгийг олж харах хэцүү. Өөлж бусдын нүглийн цууг, дорхноо л тараачихдаг мөртлөө өөрсдийнхөө нүглийг бид, гартаа буй даалууг нуух мэт хав дардаг билээ”. Тийм болохоор нөхрийн алдаа мадгийг нүүрэн дээр нь шууд ил хэлж сур. Үнэн үг гашуун ч гэсэн эм гэдэг шиг тус болно. “Алаг эрээн хорвоод, амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл” гэж сургасан ухаантны үгийг амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Xүний мөсөө гээхгүй амьдрах шиг аз жаргал хүй хорвоод үгүй билээ. Мөс сайтын мөр цагаан.
Н.Багабанди