Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.
Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.
“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. “Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.