|
|
|
|
|
Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.
Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Tүмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм.
Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.
Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.
Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ.
Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”.
Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлж эрдэж явахдаа дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.
Аавын хүү аагинд дийлдэнэ. Ааг омогтоо дүрэлзэн шатаж, дүүлэн хөөрөх нь сайн сайханд хөтлөхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж дэврэх, дэвэргэх аль аль нь зуурдын л хөөрөл болохоос мөнхөд хөхөөх дуудлага биш. Хөнөгөндөө багтаж ядан хөөрөн дэврэх хорслын ааг хавьтснаа хаман урсах үерийн ус мэт гашуун зовлонг зөгнөн, бусдад гай тарьж, хор хүргэхдээ өөрийг чинь живүүлэн сүйтгэх гаслангийн үрийг суулган үлдээдэг юм. Гаслангийн үр цацчихаад авралын хишиг хүлээнэ гэдэг нь овьёос тариалчихаад буудай хураан авахыг мөрөөдөхтэй л адил. Ааг омгоор бусдыг дийлж чадах мэтээр сагсууравч адаг сүүлдээ хорслын аагиндаа дийлдэн шалчийна аяндаа. Атаа жөтөөний ааг, аюулын хорыг ялгаруулна. “Атаат санаа алаг нүдэнд торсон өргөс, аюулт түүнээс болж саруул мэлмий сохорч мэднэ”. Атаа жөтөөнд ааглуулсан хүн өөрөө өөртөө дайсан болж, өөрийгөө тамлан зовоон амьдрах нь харамсмаар. Атаа хорсол ухаант хүмүүнийг ирлэн хурцалж, ухаан муутыг илээн мохоодог эд шидтэй.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гадаад байгаа монголчууддаа зориулаад Гандан Тэгчэнлин хийдийн гаргасан хийморийн сан сд-г шууд сонсохоор болон татахаар орууллаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой бүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.
Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. “Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ёсгүй” гэж дорнын сударт бичжээ. “Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй” гэж өөр нэг номонд өгүүлжээ. Худлыг үнэн гүйцдэг жамтай. “Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг”. Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадахаа ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан яривал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Үнэн үүдэнд, худал хойморт залрах цөвүүн цагт худалч оодрон, хууль завхарна. Энгийн цагаан худалчийн үг инээд тохуунаас хэтрэхгүй. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Өөрт нь буй хамгийн нандин өр зүрхний итгэлийг үгээр илбэдэн авч, үйлээр хариулалгүй мартаж, хөсөр хаян орхих нь адгаас адаг хорлол. “Үнэнийг хэдий чинээ хааж нууна, утгагүй худал үгийг төдий чинээ амилуулна гэсэн үгээ”. Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Ганцхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугарч байх нь таны үүрэг.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Уншвал ухаан баяжина
Уурлавал стресс баяжина
Хайрлавал сэтгэл баяжина
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
Зовлонг давахад тэвчээр баяжина
Зориглоод хийхэд амжилт баяжинаа
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог.
Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог.
Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог.
Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил маань зан чанар болдог.
Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.
|
|
|
|
|